“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК нь “Хөтөл-1”, “Хөтөл-2” шохойн чулуун ордны ил уурхайгаас жилдээ 1 орчим сая тоннын олборлолт явуулж, Шохойн болон Чулуунцрын үйлдвэрийг түүхий эдээр ханган ажилладаг. Чулуунцрын үйлдвэр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн (клинкер) үйлдвэрлэж, цементийн үйлдвэрт нийлүүлдэг бол Цементийн үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн болох 32.5, 42.5, 52.5 маркийн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг юм. Мөн “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ийн охин компани “Хөтөл энержи дулаан” ХХК нь дулаан үйлдвэрлэж, Хөтөл хотын аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг дулаанаар ханган ажиллаж байна.
Уурхай ордыг 1980 онд улсын ашигт малтмалын нөөцийн комиссоор батлагдан, 1989 онд төвийн геологийн экспедицээр ордын төв хэсэгт гүйцээх хайгуул, 1993-1997 онуудад Эрдэнэт УБҮ-ийн Геологи хайгуулын ангиар ашиглалтын хайгуулыг тус тус хийлгэсэн байна. Хөтөл-1,2 шохойн чулууны ордуудыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн нэмэлт тодотголын хүрээнд тус ордуудыг ил аргаар олборлолт явуулж, Хөтөлийн “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ийн боловсруулах үйлдвэрийг шохойн чулууны түүхий эдээр хангах үндсэн зорилготой. Уулын үйлдвэр нь жилд дунджаар 50-60 мянган метр өрөмдлөг, тэсэлгээний ажил хийж 1,2 сая -1,5 сая м3 уулын цул ухаж, ачин, тээвэрлэдэг.

Нойтон аргын технологиор баригдсан Чулуунцрын үйлдвэр нь 1985 оны аравдугаар сарын 10-нд эргэх I зууханд гал өгснөөр цементийн гол түүхий эд болох клинкер буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Тус үйлдвэр нь 28 жилийн турш нойтон аргаар клинкер үйлдвэрлэж байгаад хуурай аргын технологитой, жилд 400 мянган тонн клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2014 онд ашиглалтад оруулж, өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Чулуунцрын үйлдвэр нь 3 үндсэн хэсгээс бүрддэг бөгөөд түүхий эдийн хэсэг нь шохойн чулуу бутлан нуруулдах, тохируулах, тээрэмдэх, жигдрүүлэх, тээрмийн хэсэг нь нүүрс бутлан нуруулдан, тээрэмддэг бол эргэх зуухны хэсэг нь шохойн чулууг шатаах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг юм.

Шохойн үйлдвэр нь 1980 онд хуучнаар ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжаар баригдаж, 1983 оны 12 дугаар сарын 11-нд 1 дүгээр зууханд гал өгснөөр үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Тус үйлдвэр нь “Хөтөл-1”, “Хөтөл-2” ордыг түшиглэн уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шохойн хэрэглээг хангах зорилгоор жилдээ 65,000 тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай уурхайн босоо 3 зуухтайгаар баригдаж ашиглалтад орсон. Шохойн үйлдвэр нь жилд 45,000-50,000 тонн шохойг дунджаар 75%-иас дээш идэвхжилтэй үйлдвэрлэж байна.

Анх 1984 онд I зуухаа галлаж эхэлснээр Цементийн үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Цементийн үйлдвэр нь өвлөөс бусад улиралд тасралтгүй 4 ээлжээр 24 цагийн турш үйл ажиллагаагаа явуулж ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын MNS974:2008 ангиллын стандартын дагуу PPC-32.5, ОРС-42.5, РС-42.5, РС-52.5 маркийн цементийг үйлдвэрлэж, эх орныхоо бүтээн байгуулалтад бүтээгдэхүүнээ 40 жил тасралтгүй нийлүүлэн ажиллаж байна.
