Бидний тухай

Хөтөлийн цемент, шохойн комбинатыг ББМҮЯ-ны сайдын 1983 оны 127 дугаар тоот тушаалаар цементийн үйлдвэр, шохойн үйлдвэр, уулын олборлох үйлдвэр, засвар механикийн контор, дулааны станц гэсэн бүтэцтэй анх байгуулжээ. 1984 онд шохойн үйлдвэрийн 1 дүгээр зуухыг 4 ээлжээр галлаж, үйл ажиллагаагаа эхлүүлснээр үйлдвэрийн хамт олон анхны бүтээгдэхүүнээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийлүүлсэн. 1986 онд цементийн үйлдвэрийн технологийн 1, 2 дугаар шугамыг Улсын комисс хүлээн авснаар цементийн үйлдвэрлэл эхэлсэн.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 608, 617 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороо нь “Бейзмент” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15/1а-2015 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу одоогийн “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ийн төрийн мэдлийн 100% буюу нийт 119,452,690 ширхэг хувьцааг “Өмчлөх эрхийн өр төлбөр төлөх” нөхцөлтэйгөөр “Хөтөл” ХХК (хуучнаар “Бейзмент” ХХК) шилжүүлэн өгсөн. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тоот тогтоолоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай”, Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт”-д “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-тай холбогдох 15 дахь хэсгийг хассанаар “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК нь төрийн өмчит компанийн статустай үйл ажиллагаагаа явуулж байна.